Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Мөрдөн байцаах, Эрүүгийн цагдаа, Нийтийн хэв журмыг хамгаалах тасгуудын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудтай “Эрүү шүүлт болон эрүү шүүлт тулгах аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, ангид байх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах, хууль бусаар баривчлах, саатуулах, ялгаварлан гадуурхах, эрүү шүүлтийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдыг чадавхжуулах зорилготой тус хэлэлцүүлэгт Хүний Эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга Ц.Насанбат, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 3 дугаар албаны дарга Ч.Жаргалбаатар нар оролцож сургалт, мэдээлэл хийсэн байна.
Тодруулбал, “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хэрэгжилт”, “Эрүү шүүлт тулгах аливаа хэлбэр түүний тохиолдлууд”, “Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаарх онол практик” зэрэг сэдвээр сургалтыг явуулж, цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газар