Баянгол дүүргийн прокурорын газраас 2025 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн 800 хэрэгт хяналт тавьсан нь нийт зөрчлийн 20.3 хувийг эзэлж байна.
Тус дүүргийн прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран эрх бүхий алба хаагч нарт сургалт зохион байгууллаа.
Прокуророос “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Энхтөр, П.Эрдэнэбат нар “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр тус тус сургалт явуулж, 60 гаруй цагдаагийн эрх бүхий алба хаагч хамрагдлаа.
Сургалтын үеэр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийг хүлээн аваад газар дээр нь очиход гардаг хүндрэл бэрхшээл, зөрчлийг шалгах явцад тулгамдаж буй асуудалтай холбоотой асуултад хариулт өгч, цаашид хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар