Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авах, хүний эрхийг дээдлэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаанаас ангид байх зорилгоор харьяа мөрдөх байгууллагын мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагын хэрэгжилтийг шалгалаа.
Шалгалтаар тус дүүргийн Цагдаагийн газарт байрлах нийт 36 мэдүүлэг авах өрөөтэй танилцаж, мөн насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авахдаа баримтлах тусгай журмын хэрэгжилтийг шалгасан.
Тус журамд арван найман насанд хүрээгүй гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах өрөө нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн, дуу-дүрсний бичлэг хийх нягтаршил бүхий камер суурилуулсан, хүүхэд хууль зүйн туслалцаа авах боломжтой мэдээлэл буюу хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, өмгөөлөгчийн танилцуулга, хүүхдийн тусламжийн тусгай дугаар, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл бүхий зурагт хуудас, гарын авлага байрлуулах талаар тусгасан байдаг.
Баянгол дүүргийн прокурорын газраас шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар дүүргийн Цагдаагийн газарт хугацаатай үүрэг, чиглэл өглөө.
Энэхүү шалгалт нь хэнийг ч эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг нь доромжлон харьцаж шийтгэхгүй байх Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийн доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийг хангуулахад чиглэгдсэн.
Тус дүүргийн прокурорын газраас “Хэн ч эрүү шүүлтийн хохирогч болох ёсгүй”, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн ач холбогдлын талаар таниулсан зурагт хуудсыг мэдүүлэг авах өрөөнүүдэд байршуулж, иргэд, олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг олгох, хууль сурталчлан таниулах арга хэмжээг авлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газар