Баянгол дүүргийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр тус дүүргийн харьяа төрийн 11 байгууллагын 54 төлөөллийг оролцуулан уулзалт, сургалт зохион байгууллаа.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан байдаг.
Дээрх сургалтаар прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцох, төрийн байгууллага нэхэмжлэгч, эсхүл хариуцагч, гуравдагч этгээдээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо прокурор оролцуулах хүсэлт гаргах, прокурор төрийн байгууллагын хүсэлтийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргах, прокурор төр, нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлыг санаачилгаараа илрүүлж, төрийн байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл өглөө.
Цаашид төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах талаар мэдээлэл солилцох, Иргэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргах, холбогдох нотлох баримтыг тухай бүр прокурорт хүргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газар